Монгол гэрт шалны халаалт тохирох уу?

Сайхан Монгол гэрт маань нэг онцлог байдаг. Энэ нь хүйтэн үед зуухаа галлахад богино хугацаанд хэт их халдаг мөртлөө эргээд мөн хурдан дулаанаа алдчихдаг. Иймээс тохиромжтой дулааныг тогтмол барьж байх шийдэл нь юу байж болох вэ?

Дийлэнх иргэд маань 5-6 ханатай гэрт амьдардаг. Энэ нь ойролцоогоор 25м2-35м2 талбай болох бөгөөд шалны халаалт 10м2-20м2 тавигддаг. Хавар намрын цагт нэмэлтээр зуух галлах шаардлага гардаггүй, харин идэр есийн хүйтэнд зуухаараа бага зэрэг дэмнээд явахад онд орчихно. Өдрийн цагт ажил төрөлдөө явцгаагаад эзэнгүй байдаг айлын тохиолдолд галаа хүнээр мануулах юмуу тэгээгүй тохиолдолд гэр доторх агаарын хэм хэт унаж тав тух алдуулах нь бий.

Харин шалны халаалт тавиулсан нөхцөлд та халаалтын удирдлагаараа дулаан хэт уначихгүй мөртлөө нөгөөтэйгүүр бас эзгүй байх учир хэт халж тогоо дэмий зарцуулахгүй байх тохиромжтой хэмд тохируулах боломжтой байдаг. Монгол хүний даарч хөрж тух алдахгүй байх тохиромжтой хэм нь 20с-28с градус байх жишээний.

Гэрийн суурь маань бетондсон байвал мэдээж хамгийн тохиромжтой. Бетондхоосоо өмнө та сууриа дулаалж өгвөл бүүр сайн, хэдий чинээ дулаан алдагдал багатай байна төдий чинээ эрчим хүч бага зарцуулж таны мөнгийг хэмнэнээ гэсэн үг шү дэ. Суурийг дулаалах янз бүрийн шийдлүүд байх боловч хамгийн хямд зардалтай нэг шийдэл бол барилгын үлдсэн хаягдал хөөсөнцөр юм.Тэдгээрийн барилга дээр нь очоод бараг үнэгүй авдаг. Мэдээж та шинийг аваад хийсэн ч болно. Сууриа бага зэрэг ухаад хөөсөнцөрийн хаягдал өөдсүүдээ дэвсэж өгнө, дараа нь хөрс хайргаараа бага зэрэг хучаад бетондоно.

Гэрт орсон цахилгааны утас дор хаяж 4мм-с дээш өргөнтэй байх шаардлагатай байдаг.
ТООНОТ ЦАГААН ӨРГӨӨНДӨӨ СААЛЬ СҮҮГЭЭР БЯЛХАЖ МОНГОЛ ГЭРИЙН ГАЛ ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ БАЙГЭЭ